Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг албан ёсоор нээв
2019-09-17 16:12:49 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Хятадын төмөр замын 20-р товчоо корпорацийн хэрэгжүүлж буй Монгол Улсын хамгийн том гүүрэн гарц болох "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц"-ын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 16-нд албан ёсоор нээлээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗТХ-ны сайд Б.Энх-Амгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн зэрэг Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын өндөр албаны хүмүүс, холбогдох компаниудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ёслолыг нээж хэлсэн үгэндээ 2018 оны 4 дүгээр сард эхлүүлсэн олон түвшний огтлолцолтой зам гүүрийн үндсэн ажлыг дуусгаж, эхний ээлжинд шинэ гүүрийн үндсэн хөдөлгөөнийг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр, Яармагийн гүүрийн өмнө түвшний огтлолцолд Баянзүрх дүүргийн 4 эгнээтэй гүүр, Сонсголонгийн 4 эгнээ гүүр, төмөр зам, Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих, Налайхын чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна гэлээ. Тэрээр энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаатай уралдаж, гүйцэтгэх ажилд оролцсон ерөнхий гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх үйлчилгээний компани, туслан гүйцэтгэгч компанид нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны хамт олонд юуны өмнө талархал илэрхийлээд, Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг нээж байгаад баяртай байна.

Улаанбаатар хотын иргэд 5 жилийн амьдралынхаа 1 жилийг машин дотор өнгөрүүлж байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол замын түгжрэлтэй холбоотой. Улаанбаатар хотыг анх барьж байгуулахдаа 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн. Нийслэл хот одоо том хот болон хөгжиж, 1.5 сая хүн амьдрах болжээ. Хотын бүтээн байгуулалтыг дагаад, агаар, орчны бохирдол, замын түгжрэл зэрэг нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг шийдэхэд энэ гүүр, автозамын ажил тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхаа хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэлээ.

Тэрээр Хятад Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой, мөн Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчилж хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосныг тунхагласны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ чухал жил хоёр орны удирдагчдын харилцан айлчлал олширч, чухал чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад Монголын харилцааны хөгжлийн чигийг заасан юм. Энэ баярт жил хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа ч баялаг үр дүнд хүрч, хамтын ажиллагааны чухал том төслүүд удаа дараалан хэрэгжиж байна.

Энэ он гарснаас хойш Хятадын талын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Монгол Улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, хурдны авто зам, аймаг хоорондын авто зам, давхар гүүр, хөдөө аж ахуйн машин техник зэрэг өндөр стандарт бүхий орчин үеийн олон барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Хятад улсын тусламжтайгаар Монгол Улсад хэрэгжүүлэх “Боомтын барилга, байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн шав тавих ёслол өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо. Туул голын дээгүүр төмөр бетон хийцтэй гүүр тавих, Улаанбаатар-Мандалговь хоорондын цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг барилга байгууламжийн ажил удахгүй дуусах юм.

Хятадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж буй Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц бол Улаанбаатар хотын хамгийн том давхар гүүр юм. Үүнийг барьж байгуулснаар төмөр замаас хотын замын хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, замын хөдөлгөөний түгжрэлийг намжаан, оршин суугчдын зорчиход дөхөм болох төдийгүй Улаанбаатар хотын авто замын бүтээн байгуулалтын орчин үежих үйл явцыг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци байгаль орчны хамгаалалтын тухай Хятадын тэргүүний үзэл ойлголт, барилга байгуулалтын туршлага, технологийг бүтээн байгуулалтын ажилд бүрэн ашиглаж, Хятад стандартыг гол үндэслэл болгон, технологийн үзүүлэлтийн хүрээ түвшинд нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байна.

Энэхүү гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээснээр Улаанбаатар хотын оршин суугчдын автомашинаар зорчих цагийг ихээр хэмнэж, авто замын гол уулзварын ачааллыг бууруулан, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгөх юм.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125005543