"70 агшин-70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв
2019-09-17 15:47:26 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хятадын Төв Телевиз /CCTV/-ийн монгол сүлжээ, "Монголын гэрэл зураг, мэдээлэл" сэтгүүл, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “70 агшин-70 түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 16-нд Улаанбаатар хот дахь "Блю Мон" арт галерейд нээгдлээ.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд асан Г.Батсүх, Монгол Улсын Харилцаа холбооны яамны сайд асан Б.Баатар, Ардын жүжигчин Б.Зангад, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, жүжигчин Р.Анхням зэрэг төр, нийгэм, урлаг, соёлын алдартнууд, хоёр орны зочид төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд асан Г.Батсүх хэлсэн үгэндээ, Монгол Хятадын харилцаа, тэр дундаа соёлын харилцаанд тэмдэглүүштэй үйл явдал өнөөдөр болж байна. Гэрэл зураг гэдэг хэзээ ч үл балрах түүхэн баримт бичиг бөгөөд "70 агшин-70 түүх" гэж онож нэрлэсэн нэртэй энэхүү түүхт үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээ, Монгол, Хятадын найрамдалын нийгэмлэг хамтран үзүүлж байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлог юм гэв.

БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээний төлөөлөгч Б.Занданхүү, БНХАУ-ын Төв Телевиз/CCTV/-ийн монгол сүлжээ, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргаж байна. Энэхүү гэрэл зургууд нь Төв телевизийн монгол сүлжээний вебсайт, фэйсбүүк хуудсанд 7 сар үргэлжилсэн фото тааварт орсон зургууд юм гэлээ.

БНХАУ-ын Төв Телевизийн монгол сүлжээ, "Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан "70 агшин-70 түүх" гэрэл зургийн тааварт уралдаан 7 сар үргэлжилж, уралдааны ялагч 7 хүн “Huawei” брэндийн хамгийн сүүлийн үеийн шинэ загварын гар утасны эзэн болсон билээ. Энэ уралдааны ялагчдын нэг, сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг, Хоёр тал хамтарч маш их хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийснийг энэ уралдаанд оролцож байхдаа мэдэж авлаа. Өөрийнхөө хэмжээнд түүх, танин мэдэхүйн мэдлэгээ дэлгэрүүлэхийг зорьж, энэ уралдаанд орсон юм хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан юм.

70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон гэрэл зургийн энэ үзэсгэлэн хоёр орны төр засгийн тэргүүн нарын айлчлал, улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, худалдааны харилцаа, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, барилга, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 зургийг сонгон үзүүлж байна. Тус үзэсгэлэн хоёр орны найрамдалт харилцаа, хоёр орны түүхийн талаарх хүүхэд залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж нээлтийн үеэр зохион байгуулагч талынхан онцолсон юм. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

/Сэтгүүлч О.Дарамбазар, Б.Батзаяа, Б.Ганболд нар мэдээлэв/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125005380