Их 20-ийн уулзалтаар далай тэнгисийн хог хаягдлын асуудлыг хэлэлцэнэ
2019-06-28 16:52:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Осакагийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ Синьхуа агентлагийн сурвалжлагч Хуа И, Хо Ялинь

Их 20-ийн дээд хэмжээний арван дөрөв дэх удаагийн уулзалт тун удахгүй Японы Осака хотноо болно. Дэлхийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг уламжлалт сэдвээс гадна байгаль орчин, эрчим хүч, цаг уурын урьдчилсан мэдээ, далай тэнгисийн хог хаягдал зэрэг асуудал энэ удаагийн чуулга уулзалтын гол хэлэлцэх асуудал болоод байна.

Энэ сарын 15-16-ны өдрүүдэд Их 20-ийн Эрчим хүч болоод Байгаль орчны Сайд нарын хурал Японы Наганод болж, хурлаас баталсан хамтарсан мэдэгдэлд далай тэнгисийн хуванцар хог хаягдлыг багасгах олон улсын тогтолцоог бий болгохоор шийдвэрлэж, улс орнууд үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө явцын талаар байнга тайлагнаж, хуванцар хог хаягдлыг багасгахын тулд харилцан хяналт тогтоох хэрэгтэй гэжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гурав хоногийн өмнө хэлэхдээ далай тэнгисийн хуванцар хог хаягдлын асуудал нь Осакагийн Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын чухал сэдэв байх болно. Энэ удаагийн чуулга уулзалтаар Япон улс 2050 он гэхэд далай тэнгисийн хуванцар хог хаягдлыг 0 түвшинд хүргэх зорилго дэвшүүлсэн гээд хуванцар хог хаягдлыг багасгах тал дээр хүчин чармайлт гаргаж буйгаа илэрхийлж энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хэвлэл мэдээллийн төвд хуванцар савтай ус ундаа хэрэглэхээс татгалзжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн статистикаар, дэлхийн хэмжээнд жилдээ 300 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэж, үүнээс 8 сая тонн нь гол мөрнөөр дамжин далай тэнгист цутгах болсон байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд далай тэнгисийн хуванцар хаягдлын нийт хэмжээ далай тэнгисийн нийт загасны тооноос давах магадлалтай аж. Шинжлэх ухааны судалгаагаар далай тэнгисийн хуванцар хаягдлын асуудал нь далайн тэнгисийн амьтанд хор хөнөөл учруулахаар үл барам дэлхийн экосистемд нөлөөлөхүйц асуудал болжээ.

Одоогийн байдлаар маш олон улс орнууд далай тэнгисийн хуванцар хаягдлыг хяналтдаа байлгах арга хэмжээ авч байна. Канадын Засгийн газар өчигдөр 2021 оноос эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглохоо мэдэгдэв. Өмнө нь Европын парламент санал асуулга явуулсаны үр дүнд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

Их 20-ийн гишүүн орнуудын хүн ам дэлхийн нийт хүн амын 2/3-ыг эзэлдэг. Дотоодын нийт үйлдвэрлэл нь дэлхийн 85 хувийг эзэлдэг. Худалдааны хэмжээ нь дэлхийн 80 хувьд хүрдэг учраас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх гол нөлөөтэй юм. Өнгөрсөн жил Аргентины нийслэл Буэнос Айрэс хотод болсон Их 20-ийн дээд хэмжээний арван гурав дахь удаагийн уулзалтаар оролцогч талууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх тал дээр зөвшилцөлд хүрч байжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар ч уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хэлэлцэх гол сэдэв болсон байна. Гэсэн хэдий ч уг уулзалтыг зохион байгуулж буй Япон улс нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дээр АНУ-ын байр суурийг харгалзан үзэж байгаа нь орон нутгийн хэвлэл мэдээллийнхний санааг зовоож байна.

Японы “Киодо Цусин” агентлаг энэ сарын 25-ны мэдээндээ дээд хэмжээний уулзалтын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой агуулга нь байгаль орчин, эдийн засгийн өсөлтийн үр ашигтай эргэлтийг эрчимжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг саармагжуулахын зэрэгцээ хөгжлийг хангаж, технологийн дэвшлийг ахиулна гэжээ. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухай “Парисын хэлэлцээр”-т өнгөрсөн жилийн дээд хэмжээний уулзалтын тунхагт гарсан “уг хэлэлцээрийг өөрчилж үл болохыг дахин батлах” болон “бүрэн хэрэгжүүлэх” зэрэг арга хэмжээнүүд бичигдээгүй байна. “Киодо Цусин” агентлаг энэхүү байр сууринаасаа ухарсан хэмээн үзэж, дотоод гадаадын шүүмжлэлд өртөж магадгүй гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өчигдөр Франц нь “Парисын хэлэлцээр”-ийг дурдаагүй дээд хэмжээний уулзалтын тунхаглалыг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч энэхүү төслийг улс орнууд үргэлжлэн хэлэлцэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124684792