ГХЯ: Их 20-ийн уулзалтаас нэг талт үзэл, худалдааг хамгаалах үзэл, дээрэнгүй байдлын эсрэг хүчтэй дохиог нийтэд хүргэхийг хүсч байна
2019-06-27 15:47:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хөү Шяочэнь/ Гадаад хэргийн яаманд болсон энэ сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр сурвалжлагч, “Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллагаас энэ сарын 24-нд гаргасан мэдэгдэлд өнөөгийн олон улсын эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд Их 20-ийн гишүүн орнуудын танилцуулсан хязгаарлагдмал арга хэмжээ болон худалдааны хурцадмал байдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд тодорхой бус байдлыг бий болгосон тул Их 20 бүлэг нэгдэн холбогдох арга хэмжээ авахыг уриалжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, “Дээрх хоёр мэдэгдлийг бид үзсэн. Мэдэгдлийн агуулга нь өнөөдөр олон улсын анхаарлын төвд байгаа асуудлыг дурдсан байсан. Өнөөдрийн дэлхийн эдийн засгийн тодорхой бус болоод тогтвортой бус байдал нь худалдааны хурцадмал нөхцөл байдалтай холбоотой. Худалдааны хурцадмал байдал нь нэг талт үзэл, өөрийн орны худалдааг хамгаалах үзэл болон бүдүүлэг дээрэнгүй үйл ажиллагаатай холбоотой.

Хятадын тал чөлөөт худалдааг идэвхтэй дэмжиж, дүрэм журамд үндэслэн олон талт худалдааны системийг хамгаалсаар ирсэн. Хятад улс нь худалдааны хязгаарлагдмал арга хэмжээний хохирогч болсон ба нэг талт үзэл, дотоодын худалдааг хамгаалах үзэл, бүдүүлэг дээрэнгүй үйл ажиллагааны эсрэг тэмцсээр байх болно. Хятад улс Осакагийн Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр талуудтай өнөөгийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо солилцож, олон улсын худалдааны өсөлтийг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, даяаршлын засаглалыг төгөлдөржүүлж, аюул эрсдэлтэй тэмцэж, нэгдсэн зөвшилцөл болон шийдэлд хүрэхэд бэлэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар олон талт үзлийг дэмжиж, нэг талт үзлийг эсэргүүцэж, хүлээцтэй байхыг дэмжиж, нэг улсын худалдааг хамгаалах үзлийг эсэргүүцэж, бүдүүлэг дээрэнгүйн эсрэг хүчтэй дохиог нийтэд хүргэхийг Хятад улс хүсч байна. Их 20 нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тавцан болсны хувьд өнөөгийн энэхүү нөхцөл байдалд хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124679423