БНХАУ, БНАСАУ-ын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна
2019-06-21 15:49:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньяны энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ:

Сурвалжлагч Жян Япин, Чэн Да-Юй

Энэ оны 5 дугаар сарын эхээр Хойд Солонгос дахь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуульд анх удаа албан ёсоор байгуулагдаж, хоёр орны боловсролын салбарын удирдлагууд, Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш оюутнууд нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Улс орнуудын харилцаа нь иргэдийн найрсаг харилцаанд оршдог. Иргэдийн найрсаг харилцаа нь харилцан ойлголцолдоо байдаг. БНХАУ, БНАСАУ-ын ард түмний сэтгэл зүрхийг шууд холбож байдаг нэгэн зам бол яахын аргагүй соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа юм. Хойд Солонгост анх удаа Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв нээгдсэн нь хоёр орны боловсролын солилцоо, хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжиж байгаагийн тод илрэл болов. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын оюутан сурагчдын хувьд цаашид гадаадад гарахгүйгээр Хятад хэлний олон төрлийн түвшин тогтоох шалгалтад оролцох боломжтой болсон нь тэдний хувьд таатай мэдээ болов.

Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хятад хэлний багийн дарга Лю Юй Хойд Солонгост ирж ажиллаад таван жил болж байна. Тэрээр, “Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь 600 гаруй бакалаврын болон магистрын суралцагчтай. Хятад хэл нь бүх оюутнуудад зориулсан заавал сурах хоёр дахь гадаад хэл юм. Оюутнууд Хятад хэл, Хятадын соёлд маш их сонирхолтой байдаг нь тус их сургуульд багшлах гол хүчин зүйл болж байна” гэв.

Сурвалжлагч Пхеньяны олон их сургуулиудаар ороход Хойд Солонгосын оюутнууд Хятад хэл сурах сонирхол ихтэй байгааг олж харжээ. Цөөнгүй тооны оюутнууд сурвалжлагчтай Хятадаар төвөггүйхэн ярьж ойлголцож байсан юм. Хойд Солонгосын оюутнууд тогтмол зохион байгуулдаг “Хятад хэлний гүүр” дэлхийн их сургууль, дунд сургуулийн оюутан сурагчдын дунд зохиогддог Хятад хэлний тэмцээнд удаа дараа амжилттай гаргаж, шийдвэрлэх тэмцээнд тэргүүлж байжээ.

Хойд Солонгосын залуучуудын дунд “Хятад хэлний урсгал” гарч ирсэн нь хоёр орны уламжлалт найрамдалт харилцаатай холбоотой. Ялангуяа хоёр орны боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байгаатай нарийн уялдаатай юм. Мөн хоёр орон оюутан солилцооны олон жилийн түүхтэй.

Одоогийн байдлаар Хятад улсаас жил бүр Хойд Солонгост ойролцоогоор 60 оюутныг албаны зардлаар суралцуулж байгаа бол Хятадын олон их дээд сургуульд шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Хойд Солонгосын оюутнууд суралцаж байгаа бөгөөд олон жилийн турш 400 оюутныг хамруулсаар ирсэн. Үүнээс гадна жил бүр ойролцоогоор Хойд Солонгосын их дээд сургуулийн 200 багшийг Хятадад 6 сар буюу жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлдэг. Хятадын тал Хойд Солонгосын Хятад хэлний заан сургалтыг дэмжихийн тулд Хятад багш нарыг Пхеньянд томилон багшлуулж байна.

Одоогоор Пхеньяны Гадаад хэлний их сургуулийн Хятад хэлний багш Хуан Ли Ляонин мужаас томилогдон очжээ. 2007 оноос хойш Хуан Ли 3 удаа Хойд Солонгост очиж, 6 жил ажиллан мянга гаруй Хятад хэлний үндсэн боловсролтой оюутныг бэлтгэн гаргасан байна. Түүний хамгийн их бахархдаг зүйл нь тэрээр өөр нэг багшийн хамт Хятад хэл зааж байсан хоёр шавь нь 2018 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн дунд сургуулийн Хятад хэлний тэмцээний Олон улсын багийн тэмцээний тэргүүн байранд шалгарсан явдал юм. Түүний шавь нар Хойд Солонгосын Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол зэрэг салбарт ажиллаж байгаа бөгөөд тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон Хятад, Хойд Солонгосын найрамдалт харилцаанд чухал хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн хоёр орны их дээд сургуулийн эрдэм шинжилгээний солилцоо идэвхтэй явагдаж байна. Ким Ир Сен цогцолбор их сургуулийн Гадаад харилцааны газрын дэд дарга Сиян Бин Жи хэлэхдээ, “Ким Ир Сен цогцолбор их сургууль болон Хятадын их дээд сургууль хоорондын эрдэм шинжилгээний солилцоо өмнөх зууны 50 оноос эхэлсэн юм. Одоогийн байдлаар Ким Ир Сен цогцолбор их сургууль нь Бээжингийн их сургууль, Хармөрний Аж үйлдвэрийн их сургууль зэрэг 30 гаруй сургуультай байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааны салбарын хүрээнд эрдэм шинжилгээний солилцооны байнгын холбоотой ажилладаг.

Хятад улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ ололт амжилт арвинтай байгаа тул бид бүхэн маш олон зүйлээс суралцах ёстой болоод байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124654599