Элчин сайд Шин Хаймин "Элчин сайд нар ба Сэтгүүлчид" уулзалтад оролцлоо
2019-03-13 11:42:36 Эх сурвалж: ЭСЯ-ны сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 7-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран “Элчин сайд нар ба Сэтгүүлчид” уулзалтыг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Элчин сайд Шин Хаймин болоод Монгол Улсад суугаа бусад гадаад орнуудын Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид нийт 100 гаруй хүн оролцлоо.

Ноён Д.Цогтбаатар арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын Гадаад харилцааны яам дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаа Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-д, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Монгол Улсаа дэлхийд танилцуулж буйг дэмжиж ажилладаг. Энэ дашрамд БНХАУ, Солонгос зэрэг орнуудад Монголын хэвлэл мэдээллийн салбарт дэмжлэг үзүүлж байгаад талархал дэвшүүлье. Энэ жил МСНЭ-ээс зохион байгуулан, Монголын сэтгүүлчид БНХАУ, Нидерланд, Вьетнам зэрэг 20 гаруй оронд албан айлчлал хийж тухайн орнуудын хөгжлийн загварыг сурвалжлахын сацуу Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах юм. Энэхүү ажилд та бүхнийг идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Та бидний хамтын хичээл зүтгэлээр Монгол Улсын дэлхийн бусад орнуудтай найрсаг харилцаа холбоо улам бүр нягт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гадаад харилцааны сайд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид болон МҮОНРТ-ийн захирал, TV2 телевизийн захирал зэрэг Монголын томоохон хэвлэл мэдээллийн удирдлага, албаны хүмүүстэй дотно яриа өрнүүлж мөн сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Тэрээр хэлэхдээ, “Өнөө цагт Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болоод байна. Сүүлийн жилүүдэд энэ салбарын холбогдох хамтын ажиллагаанууд үсрэнгүй хөгжиж, арвин их үр дүнд хүрсэн. Хоёр орны сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум дараалан 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаанд чухал тавцанг бий болгож, сайн амжилт үзүүлээд байна. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаанд хөгжлийн чухал боломжуудыг дагуулж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж, Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам” стратегитай уялдуулах ажилд хүч нэмж, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг улам бүр нэмэгдүүлж, мөнхийн сайн хөрш, сайн түншүүд байхаар хичээн ажиллах болно” гэв.

Элчин сайд Шин Хаймин мөн хэлэхдээ, “Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын “Хоёр чуулган” хуралдаж байна. Энэхүү хурал нь Хятадын төрийн бодлогын ерөнхий чиглэл болоод гадаад бодлогоо тодорхойлох Хятад Улсын улс төрийн томоохон үйл явдал юм. Монгол Улс нь Хятад Улсын нөхөрсөг хөрш. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийнхэн Хятадын “Хоёр чуулган”, Хятад Монголын харилцааны хөгжлийн талаар анхаарлаа ихэд хандуулж байгаа байх. Та бүхнийг үргэлжлүүлэн Хятадын “Хоёр чуулган”-ы талаарх холбогдох мэдээ сурвалжлага бэлтгэж, Монголын ард түмэнд Хятадын талаар илүү их ойлголттой болоход түлхэц үзүүлэн, хоёр улсын бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааны сайн сайхан мэдээ мэдээллийг түгээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үйл ажиллагааны үеэр урлагийн үзүүлбэрүүд тоглогдож, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид халуун яриа өрнүүлсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124229767