Ши Жиньпин Д.Трамптай утсаар ярив
2019-06-19 17:00:17 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Д.Трамп, “Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд хэмжээний хурлын хугацаанд Ши Жиньпин дарга таньтай дахин уулзаж, хоёр талт харилцаа, хамтдаа анхаарч буй асуудлаар гүнзгий санал солилцохыг хүсч байна. Америк, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг Америкийн тал ихэд чухалчилдаг. Хоёр талын ажлын баг өргөн хүрээнд харилцаж, өнөөгийн санал зөрчилдөөнийг зохицуулах арга замыг эртхэн хайж олохыг хүсч байна. Америк, Хятад гэрээгээр тохиролцохыг дэлхий нийтээрээ хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Ши Жиньпин, “Сүүлийн хэсэг хугацаанд Хятад, Америкийн харилцаанд хүндрэл бэрхшээл тулгарлаа. Энэ нь хоёр талын ашиг сонирхолтой нийцэхгүй. Хятад, Америк хамтран ажиллавал хоёр талдаа ашигтай, сөргөлдвөл хоёулаа хохирно. Хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр тогтвортой байдлаар Хятад, Америкийн харилцааг урагшлуулах ёстой. Хятад, Америк дэлхийн хамгийн том эдийн засгийн хувьд удирдан дагуулах үүргээ хамтдаа гүйцэтгэж, Их 20-ийн удирдагчдын Осакагийн дээд хэмжээний хурлын хүрээнд идэвхтэй үр дүнд хүрч, дэлхийн зах зээлийг итгэл, хөдөлгөгч хүчээр сэлбэх ёстой. Их 20-ийн удирдагчдын Осакагийн хурлын үеэр Ерөнхийлөгч тантай уулзаж, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн язгуур асуудлаар санал бодлоо солилцоход бэлэн байна” гэжээ.

Ши Жиньпин, “Эдийн засаг, худалдааны асуудлын хувьд хоёр тал эрх тэгш яриа хэлцлээр асуудлыг зохицуулах ёстой. Гол нь тус тусын саналыг зүй зохистой харилцан харгалзаж үзэх явдал юм. Америкийн тал Хятадын аж ахуйн нэгжид шударгаар хандахыг бид хүсч байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны баг санал зөрөлдөөнөө хэрхэн зохицуулах асуудлаарх харилцаагаа хэвээр хадгалахыг би зөвшөөрч байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124644868