Монгол Улсын үндэсний их баяр наадам болж байна
2019-07-12 10:10:27 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 7-р сарын 11-ны өдөр есөн хөлт их цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор ёслол төгөлдөр эхлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга их баяр наадмын ажиллагааг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.

Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, ‘Дэлхийн соёлын өв’ хэмээн тодорхойлсон юм” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэж, есөн хөлт их цагаан туганд мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлснээр Монгол төрийн их наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм.

“Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг ‘Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл’ нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулж байна” хэмээн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий продюсероор МУСТА Б.Отгонбат хэллээ.

Энэ жил хүчит 512 бөх зодоглож, хурдан морины уралдаан, сурын харваа зэрэг эрийн гурван наадам уламжлал ёсоор зохиогдох болно.

Үүнээс гадна, наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Үндэсний соёл амралтын хүрээлэн болон нийслэлийн музейдэд урлаг соёл, сан хөмрөгийн үзэсгэлэн, шоу тоглолтууд тусгай хөтөлбөрийн дагуу зохиогдож байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124743775