Хятад хэлний түвшин тогтоох анхны шалгалтын төв Пхеньянд нээгдэв
2019-06-20 08:30:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньян сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэн Даюй, Цзян Япин\ Хятад хэлний түвшин тогтоох анхны шалгалтын төвийн нээлтийн ёслол энэ сарын 7-нд Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд боллоо.

Ингэснээр БНАСАУ нь дэлхийн 137 дахь хятад хэлний түвшин тогтоох төвийг байгуулсан улс орон болов.

Нээлтийн ёслолд Күнзийн дээд сургуулийн ерөнхий төвийн дэд дарга Жао Гуөчэнь, БНХАУ-аас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Жинжүн, БНАСАУ-ын Боловсролын комиссын дэд дарга Жао Жэ, Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ерөнхий захирал Парк Сунюн хийгээд Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш оюутны төлөөлөл 200 орчим хүн оролцсон юм.

Солонгосын боловсролын комиссын гадаад хэлний товчооны дарга Ли Ин хэлэхдээ, “Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хятад хэлний түвшин тогтоох анхны шалгалтын төвийг байгуулсан нь Солонгосын их сургуулиудын хятад хэлний түвшин дээшлэх, оюутнуудын хятад хэл сурах идэвх сэргэх, цаашлаад Солонгос-Хятад хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой” гэлээ.

Күнзийн дээд сургуулийн ерөнхий төвийн дэд дарга Жао Гуөчэнь, “Солонгост хятад хэлний түвшин тогтоох анхны төвийг нээсэн нь хоёр орны хятад хэлний соёлын солилцооны шинэ гүүр болж байна. Мөн Солонгосын ард иргэдийг хятад хэл сурахад нэн таатай орчныг бүрдүүлж, Хятад, Солонгосын ард түмэн, ялангуяа хоёр орны өсвөр үеийнхний солилцоог нэмэгдүүлэхэд ашиг тусаа өгөх болно” хэмээв.

Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ерөнхий захирал Парк Сунюн, “Манай их сургууль нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төвийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд цаашид Хятадын талтай байнгын холбоо тогтоохын зэрэгцээ бүхий л хүч чадлаараа хятад хэлний боловсролын түвшин болон оюутнуудын хятад хэл сурах урам зоригийг дээшлүүлнэ” гэдгээ илэрхийлэв.

Уг төв нь хятад хэлний түвшин тогтоох \HSK\, хятад ярианы хэлний \HSKK\, дунд бага сургуулийн хятад хэлний \YCT\, худалдаа үйлчилгээний хятад хэлний \BCT\ зэрэг дөрвөн төрлийн шалгалтыг зохион байгуулах боломжтой боллоо.

Пхеньянгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг хойд ба өмнөд Солонгос, хилийн чанад дахь цагаач солонгосчууд хамтран 2010 оны 10 дугаар сард хамтран байгуулсан юм.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124646555